Би бага байхдаа буруу зүйл хийгээд, ээждээ загнуулах үедээ өөдөөс нь инээгээд л байдаг байлаа. Малийх бүрт ээжийн минь дуу зөөлөрч, сүүлдээ намайг дагаж инээгээд “Янзын хүүхэд шүү” гэсэн үгээр зэмлэл нь дуусдаг байж билээ. Инээд гэдэг ийм л ид шидтэй. Инээж буй хүний гэрлэн бүрхүүл улам тодорч эерэг энергийг орчиндоо цацраадаг байна. Бид өнөөдөр “Happy hour” буландаа эерэг энергээр өөрийгөө болон өрөөлийг “цэнэглэх” төлөвлөгөө боловсрууллаа.
Бэлтгэл:
- А4 цаасны дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээтэй цаасыг хөршийнхөө аль эсвэл орцныхоо айлуудын тоогоор бэлтгэ. Янз бүрийн хэлбэр дүрстэй байж болно.
- Бэлдсэн цаасан дээрээ хамгийн супер онигоонуудыг бич. Ингэхдээ заавал гараараа бичих хэрэгтэй шүү. Ингэвэл сэтгэлд илүү ойр бас “дулаахан” санагдах болно.
- Заавал онигоо гэлтгүй Гоолингоо.мн-ийн ухаарлын үгтэй афоризмуудыг бичсэн ч болно. Урьд нь десктоп дээрээсээ уншаад өнгөрдөг байсан урмын үгсээ гараараа бичингээ дотроо тунгаавал илүү гүнзгий ухаж ойлгох давуу талтай.
- Өмнөх долоо хоногоос эхлээд өнөөдрийг хүртэл “Өглөөний хүн”-ий зарчмаараа явж байгаа биз дээ? Бидний өнөөдрийн төлөвлөгөө ч бас өглөөтэй холбоотой.
- Өглөө эртлэн босоод бэлэн болсон гар бичмэлүүд дээрээ жижигхэн скоч наагаад шууд наахад бэлэн болго. Хоорондоо наалдахаас сэрэмжлээрэй. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд урьд нь гэрээсээ гардаг байсан цагаасаа 20-30 минутын өмнө гараарай.
- Гэрээсээ гараад орцныхоо хамгийн дээд давхраас эхэлж айл бүрийн хаалган дээр бичсэн үгээ наагаарай.
- За ингээд төлөвлөгөөнийхөө үр дүнг мэдрэх үлдлээ. Орцныхоо үүдэнд гэмгүйхэн суугаад хаалгаар гарч ирэх хүн бүрийн инээмсэглэсэн царайнаас эрч хүчээ сэлбээрэй. Магадгүй зарим нь чиний илгээсэн “захидал”-ыг гартаа нямбайлан атгачихсан гарч ирэх вий.
Инээд гэдэг агаарт түгэхдээ орчин тойрондоо маш хурдан “халдварлаж” өөрт болон өрөөлийг хариу нэхэхгүйгээр аз жаргалтай болгодог. Хэрэв та хангалттай инээдэг бол ямар ч үнэтэй гоо сайханд орохоос илүү байдаг гэнэ. Инээх үед эндофрен хэмээх даавар ялгарч хүнийг тайвшруулж, сэргээдэг байна.
“Аз жаргалыг би бусдад хайр өгөхийн нэр гэж бодном” хэмээн алдарт яруу найрагч шүлгэлсэн байдаг. Бүсгүй чиний бусдад зориулсан өчүүхэн сэтгэл чинь тэдний бүхэл өдрийг гэрэлтүүлэх болно. Хэдий бид мессенжэр, facebook-ээрээ онигоо, афоризмууд хүмүүс рүү явуулж л байдаг хэдий ч, тэгж ирсэн бүхэн онцгой сэтгэгдэл төрүүлдэггүй. Яагаад гэвэл бүх хүн лүү нэгэн зэрэг явуулж байгаа нь мэдэгдчихдэг болоод тэр. Тиймээс хаалган дээр нь, эсвэл суудаг ширээнийх нь дээр, утсан дээр нь мэдэгдэлгүйгээр наачихсан байвал хүмүүс зөвхөн өөртөө тусгайлан ирж буй тэрхүү захидалыг нандигнан хүлээж авах нь лавтай. Нэгхэн өдөр та энэ төлөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Онигоо, урмын үг бүрийнхээ доор өөрийнхөө нууц нэрийг бичихээ мартуузай.
No comments:
Post a Comment